АHУ-д вакцин бүрэн хийлгэсэн хүн дотооддоо саадгүй аялна

АНУ-ын “пфайзер”, ХБНГУ-ын “бионтех” компанийн гарган авсан “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин Өмнөд Африкт анх илэрсэн хувилбарын эсрэг өндөр үр дүн үзүүлж байгааг эмнэлзүйн туршилтаар тогтоожээ. “эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын хүрээнд Өмнөд Африкт вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн дунд шинэ хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй” гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Мөн вакцин хоёр дахь тунг нь хийлгэснээс хойш Өмнөд Африкт тархсан хувилбараас зургаан сар хүртэлх хугацаагаар хамгаалж байсан тул вакцины ерөнхий үр дүнд итгэх итгэл улам нэмэгдэж байна гэж “пфайзер”-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ. Тус вакцин нь дэлхийн хэд хэдэн оронд явуулсан, 46307 хүнийг оролцуулсан туршилтаар 91.3 хувийн үр дүн үзүүлсэн байна. Туршилтын үеэр халдвар авсан 927 тохиолдлын 850 нь плацебо буюу идэвхгүй нэгдэл хийлгэсэн хүмүүс байсан бол 77 нь вакцин тариулсан хүмүүс байжээ.

Тэгвэл АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв өчигдөр гаргасан зөвлөмждөө “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины хоёр тунг тариулсан иргэдийг улс дотроо чөлөөтэй аялахыг зөвшөөрчээ. Шинэ зөвлөмжийн дагуу вакцинд бүрэн хамрагдсан иргэд дотоодод аялсны дараа өөрийгөө тусгаарлах шаардлагагүй, мөн очих газар нь тусгаарлахыг шаардахгүй болон онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгөх шаардлагагүй болсон байна. Харин гадаадад аялсан иргэд АНУ-руу буцаж очихоосоо өмнө болон ирснийхээ дараа шинжилгээ өгөх журам хэвээр үлдсэн ч тусгаарлагдах шаардлагагүй болжээ. Үүнээс гадна бүрэн дархлаажсан иргэд амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг мөрдсөн хэвээр байх ёстойг сануулсан байна. Харин дотоод орчинд цуглахдаа амны хаалт зүүхгүй байхыг өнгөрсөн сараас эхлэн АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зөвшөөрсөн юм. АНУ-д “пфайзер-бионтех” болон модерна вакцины хоёр дахь тун, жанссени вакцины нэг тунг тариулснаас хойш хоёр долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтсонд тооцож байгаа юм байна.