3 хувийн хүүтэй зээл  зорилтот бүлэгт хүрч чадахгүй байна гэв

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээл олгогдож эхлээд ажлын 24 хоног өнгөрч байна.

-Одоогоор 4033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ.

-Олгогдсон зээлийн 1661 нь Улаанбаатарт, 3084 нь орон нутгийн зээлдэгчдэд шийдвэрлэгдсэн байна.

-Нийт дүнгээр 4745 зээлдэгчдэд 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдоод байна.

-Ажлын байр дэмжих зээл олгогдсоноор 29.321 ажлын байрыг хадгалж үлдсэн гэж сангийн яам болон холбогдох хүмүүс мэдээлсэн. Харин арилжааны банкны хөрөнгөөр санхүүжиж байгаа тус зээлийг авах хүсэлтэй ч сүүлийн нэг жилд хөл хорионоос шалтгаалж үйл ажиллагаа нь тасалдсан, барьцаа хөрөнгө дутсан зэрэг шалтгаантай 200-аад аж ахуй нэгж иргэн байгаа юм байна.

Тэгвэл ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл үйл ажиллагаа нь тасалдаж, ажлын байраа цөөлөхөд хүрээд байгаа зорилтот эздэдээ хүрч чадахгүй байгааг ЖДҮ эрхлэгч залуусын холбоо хэлсэн байна.Тус холбоонд чулуугаар хөөрөг хийдэг, бэлэн хувцас гутал үйлдвэрлэдэг, нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулдаг зэрэг төрөл бүрийн салбарт ажилладаг 200 гаруй залуус байна. Тэдний зарим нь өөрийгөө болон 1-5 хүнийг ажлын байраар хангаж байгаа бол зарим түүнээс олон ажлын байр бий болгож байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хөл хорионд байж орлого, үйл ажиллагаа нь тасалдсан тэд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдсөн ч барьцаа хөрөнгөд орон сууц шаардаж байгаа, сүүлийн 6 сар үйл ажиллагаа, орлого тасраагүй байх ёстой зэрэг банкнаас тавьсан шаардлагууд бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас зээл авах боломжгүй болсон байна. Тэд салбар яамдын сайдад энэ талаарх санал хүсэлтээ хүргэсэн бөгөөд одоогоор тодорхой хариу аваагүй байна. Цаашид бизнесээ үргэлжлүүлж ажлын байраа хадгалж, нэмэгдүүлэхээр хичээж байгаа тэдэнтэй адил олон мянган бизнес эрхлэгчдэдээ зээл хүрч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй байна  гэжээ.