Дэлхийн улс орнууд дотооддоо вакцинжуулалтаа эхлүүлж, зарим нь богино хугацаанд ихэнх иргэдээ амжилттай вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орж байгаа юм байна. Та бүхэнд дэлхийд хамгийн эрчимтэй вакцинжуулалт хийгдэж байгаа гурван улс байгаа юм. Хамгийн тод жишээ нь Израил улс бөгөөд дэлхийд хамгийн хурдан вакцинжуулах кампанит ажил өрнүүлж эхэлснээс хойш “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол, нас баралт, эмнэлэгт хэвтэх хүний тоо эрс буурчээ. Тухайлбал, Израил улсын есөн сая хүн амын талаас илүү буюу 56.8 хувь нь АНУ, ХБНГУ-ын “Пфайзер-Бионтех” компанийн бүтээсэн вакцины хоёр тунг тариулсан бол үлдсэн хүн амын 90.6 хувь нь вакцины нэг тунг тариулсан байна. Ийнхүү хүн амынхаа ихэнх хувийг амжилттай дархлаажуулсан Израилчууд дэлгүүр хоршоо, зочид буудал, үзвэр үйлчилгээ, кино театруудаа бүрэн нээжээ. Хэдийгээр хүмүүс амны хаалтаа зүүж, дотор орчинд олноороо цугларахгүй байх зэрэг зарим хязгаарлалтуудыг мөрдсөн хэвээр байгаа ч Израилчуудын амьдрал бусад орнуудтай харьцуулахад цар тахлын өмнөх байдалд хамгийн ихээр ойртон очсон байна. Израилын шинжлэх ухааны Вейзманн хүрээлэнгийн биологич, шинжээч Эран Сигалын мэдээлснээс харвал нэгдүгээр сараас хойш шинэ халдварын тоо 96 хувь, өвчин хүндэрсэн тохиолдол 90 хувь, нас баралт 85 хувиар буурчээ. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр нэгэн үе Израил дахь нэг хоногт илэрсэн шинэ халдварын тоо 10 мянга давж байсан ч өдгөө энэ тоо тогтмол буурч, гурван оронтой тоонд багтдаг болсон байна.
Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрийн байдлаар 8.9 тун вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглаад байгаа бөгөөд хүн амын 100 тутамд 90.7 иргэн вакцины нэг тунг хийлгэсэн аль эсвэл вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байгаа юм. Тус улс нэг өдөрт 51 мянган тун вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглаж байгаа юм байна. Нийт ард иргэдийн 90 хувийг 2021 оны эцэс гэхэд вакцинжуулна гэж эрх баригчид мэдэгдэж байсан ч хоёрдугаар улирал гэхэд амжилттайгаар дархлаажуулалтын хөтөлбөрөө дуусгах төлөвтэйгээр ажиллаж байгаа юм. Ийнхүү Арабын Нэгдсэн Эмират улсад хаагдаад байсан их дэлгүүрүүд, зоогийн газруудын үйл ажиллагаа сэргэж, хүмүүс мөргөл үйлдэх болон чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрөөх боломжтой болжээ.
Харин өнгөрөгч 1-р сард “Ковид-19”-ийн халдварын 68 мянган шинэ тохиолдол бүртгэгддэг байсан их британид сүүлийн 3 сарын хугацаанд мянга 500 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэх болсон байна. Энэ сарын 12-аас эхлэн тус улс дахь сургууль, зоогийн газар, хүүхэд харах үйлчилгээ үүд хаалгаа нээж байгаа бөгөөд “Ковид-19”-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн иргэд гэртээ өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай байна. Түүнчлэн вакцины 2 тунг бүрэн хийлгэсэн Британичууд вакцины паспорттай болж, дотооддоо аюулгүй аялах боломж бүрджээ.