Өнгөрөгч бямба гарагт Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн тус улсын Баго хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох нэрээр 82 хүний аминд хүрсэн гэж тус улсын төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооноос мэдээлжээ. Хэргийн газар байсан гэрчүүдийн зүгээс цэргүүд автомат буугаар энгийн номхон иргэд рүү буудаж, тэсрэх бөмбөг шидэж байсан гэж мэдүүлсэн байна. Холбогдох албаны мэдээллээр Мьянмарын аюулаас хамгаалах хүчин болон цэргийн хунтын гишүүд амиа алдагсдын цогцсыг авч явсан тул 82-оос ч олон хүн амиа алдсан байх магадлалтай байгаа юм. Тус улсын хамгийн том хот Янгоноос зүүн хойд зүгт 90 км зайтай оршдог Баго хотод уг үйл явдал болсон бөгөөд жагсагчдын эсрэг гранат харвагч ашиглажээ. Халдлага гарсан тус бүс нутагт төв засгийн газрын эсрэг тэмцдэг орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд болох Аракан арми, Таан үндэсний чөлөөлөх арми, Мьянмарын ардчилсан холбооны арми үйл ажиллагаа явуулдаг юм. Сүүлийн өдрүүдэд цэргийн дэглэмийг эсэргүүцсэн эдгээр бүлэглэлүүд хамтран тэмцэх шийдвэр гаргаж, холбоотнууд болсон байна. Хэдийгээр 2 сар гаруйн хугацаанд Мьянмарт нийт 618 энгийн, номхон хүн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн тэмцлийн үеэр амиа алдсан ч цэргийн дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Зау Мин Тун нийт амиа алдсан иргэдийн тоог 248 гэж зарлажээ. Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит тоон үзүүлэлт хавьгүй өндөр байх магадлалтай байна. Харин Мьянмараас дүрвэсэн хууль тогтоогчдын төлөөлөл өнгөрөгч баасан гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд хандаж, цэргийн дэглэмийн эсрэг яаралтай арга хэмжээг шууд болон шууд бусаар авахыг уриалжээ. Тус уриалгын дагуу НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл албан бусаар хуралдахдаа анх удаа Мьянмарын асуудлыг хэлэлцсэн юм. Одоогоор ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Ажиглагчдын зүгээс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд цэрэг оруулж магадгүй юм байна. Цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд засгийн эрхийг гартаа авч, нэг жилийн хугацаатай онц байдал зарласнаас хойш өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байгаа юм.