АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа дижитал юанийг ашиглахтай холбоотой БНХАУ-ын төлөвлөгөөний талаарх мэдээллүүдийг цуглуулж байгаа гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын сангийн яам, төрийн департамент, пентагон болон цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд дижитал юанийг ашигласнаас учрах үр дагаврыг тодруулах ажлыг эрчимжүүлжээ.
АНУ-ын зарим албан тушаалтнууд энэ төрлийн валютыг дэлхийн зах зээл дээр гаргаснаар Америк долларын гүйцэтгэх үүргийг багасгана гэж эмээгээд байгаа юм. Түүнчлэн дижитал юаний тусламжтайгаар БНХАУ АНУ-ын хориг арга хэмжээнээс гарах боломжтой эсэхийг судалж байгаа гэж “Блүүмберг” агентлагийн мэдээлэлд дурджээ. Хэдийгээр ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа эх газрын Хятадын дижитал валютын аюултай тэмцэх арга хэмжээний талаар тодорхой төлөвлөгөөгүй байгаа ч үүний зэрэгцээ өөрсдийн дижитал долларыг бий болгох боломжийг хайж байна дээрх мэдээлэлд онцолсон байна. БНХАУ нь дижитал мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг юм. Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын ардын банкны мөнгөний бодлогын газрын дарга Сун Гүөфэн тус улсын зарим хотуудад дижитал юанийн дотоодын хаалттай туршилтыг явуулж байгаа талаар мэдээлсэн боловч яг хэдийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. БНХАУ дижитал юанийг үүрэн холбооны сүлжээ, интернэтийн холболтгүйгээр ч ашиглах боломжтойгоор бүтээж магадгүй байгаа юм.