Өнгөрөгч оны 5-р сард бусдын гарт амиа алдсан Жорж Флойдын нас барсан АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаа нар болон иргэдийн хооронд дахин мөргөлдөөн болжээ. Тодруулбал, өнгөрөгч бямба гарагт тус хотын цагдаа 20 настай Данте Райт гэх залууг цахилгаан цохиулагчаар цохиулах гэж байгаад санаандгүй галт зэвсгээр буудан амь насыг нь хөнөөжээ. Санаандгүй гал алдсан цагдаад түр захиргааны чөлөө олгосон ч Миннеаполис хотын цагдаагийн газрын гадна олон зуун хүн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм байна. Миннесота мужийн цагдаагийн газрын дарга Тим Гэннон хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа эмэгтэйн энгэрийн камерын бичлэгийг дэлгэж, цахилгаан цохиулагч хэрэглэх гэж байгаад санаандгүй галт зэвсгээр буудсан гэж баталсан байна. Тухайн хэргийг мөрдөн шалгах хугацаанд сэжигтнээр татагдсан цагдаагийн албан хаагчид түр захиргааны чөлөө олгожээ. Тус хэрэг явдлын дараа өнгөрөгч ням гарагт Миннеаполисын цагдаагийн газрын гадна олон зуун хүн цуглаж эсэргүүцлээ илэрхийлж, 20 настай залууг буудсан цагдаад ял шийтгэл оногдуулахыг шаардсан байна. Эсэргүүцлийн жагсаалд галт зэвсэг авчирсан жагсагчдын эсрэг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэж, хүч ашиглажээ. Нөхцөл байдлаас үүдэн Миннеаполис хот дахь боловсролын бүх байгууллагыг 3 хоногийн турш хааж, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон байна.