Дэлхийн улс орнуудаар чөлөөтэй зорчих боломж сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр хязгаарлагдаад байгаа энэ цаг үед жуулчдад вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавих нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй байна гэж Лондонд төвтэй судалгааны “ХЕНЛИ ПАРТНЕРС” байгууллагын шинэ тайланд онцолжээ. Тус байгууллага нь “ПАСПОРТ ИНДЕКС” жагсаалтыг 2006 оноос хойш танилцуулж байгаа бөгөөд дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттай орнуудын энэ оны жагсаалтыг Япон улс дахин тэргүүлжээ.
Тус улсын иргэд 193 орноор визгүй зорчих боломжтой бол Сингапурын иргэд 192 орноор визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Эдгээр орны араас 191 орноор визгүй зорчдог ГЕРМАН, БНСУ жагссан байна. Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог орны эхний 10 байрт голчлон Европын холбооны гишүүн орнууд бичигдсэн бол ИХ БРИТАНИ, АНУ-ын хувьд ШВЕЙЦАР, БЕЛЬГИ, ШИНЭ ЗЕЛАНДЫН хамтаар долоодугаар байрт бичигдэж байна. Харин БНХАУ, АНЭУ нь сүүлийн 10 жилд хамгийн их ахиц үзүүлжээ. Тодруулбал, 2011 оноос хойш БНХАУ 90 дүгээр байраас 68 дугаарт, АНЭУ 65 дугаар байраас 15 дугаарт жагсах болжээ. АНЭУ-ын иргэд 10 жилийн өмнө 67 орон руу визгүй зорчдог байсан бол өнөөдөр энэ нь 174 улс болж нэмэгджээ.
Манай улсын иргэдийн хувьд 62 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 80 дугаарт бичигдсэн байна. Жагсаалтын сүүлд 39 орон руу зорчих боломжтой БНАСАУ 102-т, 38 орон руу зорчих боломжтой БАЛБА бичигдсэн бол хамгийн сүүлийн байрт 26 орон руу зорчих боломжтой АФГАНИСТАН 110-т бичигджээ. ЕХ, АНЭУ, ИХ БРИТАНИ, АНУ зэрэг чинээлэг, хөгжингүй орнуудад олон нийтийг вакцинжуулах хөтөлбөр үргэлжилж байгаатай холбоотойгоор зорчих хөдөлгөөн сэргэх төлөвтэй байгаа ч цөөн орон руу визгүй зорчдог паспорттай хөгжиж буй орнуудын иргэдийн хувьд хэтийн төлөв арай бүрхэг байна” гэж “ХЕНЛИ ПАРТНЕРС” байгууллагын мэргэжилтнүүд мэдээлжээ.