АНУ-ын Наса агентлаг Ангараг гараг дээр анх удаа нислэг үйлдлээ

АНУ-ын сансар судлалын Наса агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гараг дээр нисдэг аппарат хөөргөлөө. “Инжениүти” нисдэг тэрэгний ангараг гараг дээр хөөрч, газардаж байгаа зургийг “Персеверансе” аппарат дэлхий рүү дамжуулсан байна. Дэлхийн түүхэнд анх удаа өөр гараг дээр алсын удирдлагатай аппарат нисгэлээ гэж уг төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг онцолжээ. Тэрбээр түүхэнд бичигдэх энэхүү үйл явдал нь нарны аймгийн бусад гараг руу АНУ-ын Наса агентлагийн  илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна гэж дурдсан байна. 40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна.

Нислэгийн эхний мэдээлэл Наса агентлагт нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн бөгөөд туршилтын явцад “Инжениүти” нисдэг тэрэг өөр дээр нь суурилуулсан камерыг ашиглан ангараг гарагийн хэд хэдэн зургийг авч чаджээ. Наса агентлагийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд ангараг гарагийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээсэн юм. 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй тус аппаратыг “Персеверансе”  аппаратын хамт ангараг руу өнгөрөгч оны 7-р сард илгээж байжээ. Тус сансрын аппарат улаан нүдэн гарагийн “Жезеро” тогоонд хоёрдугаар сарын 18-нд газардсан юм. Энэхүү аппаратад бэхлэгдэн буусан “Инжениүти” нисдэг тэргээр ангараг дээр 30 хүртэлх хоногийн турш 5 удаагийн туршилт хийхээр төлөвлөж байгаа юм байна.