Боаогийн азийн эдийн засгийн чуулга уулзалт БНХАУ-д зохион байгуулагдаж байна  

“Азийн Давос” гэгддэг Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Хайнань мужийн Боао хотноо өнгөрөгч ням гарагт албан ёсоор эхэлжээ. Энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх тус чуулга уулзалтыг “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд глобал удирдлага, хамтын ажиллагааны төлөө хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж байна.  

БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Хайнань мужийн Боао хотноо албан ёсоор эхэлсэн Азийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Түүнчлэн, 18 улсын мэдээллийн агентлаг, 160 гаруй хэвлэл мэдээллийн том байгууллагын төлөөлөл сурвалжилж байгаа нь “КОВИД-19”-ийн цар тахлаас хойших хамгийн өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээ болж байна гэж Ройтерс агентлаг онцолжээ. 2001 оны 2 сард хамгийн анхны Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт болж байсан бөгөөд энэ жил 20 жилийн ой гэдгээрээ онцлогтой юм. Тиймээс өргөн цар хүрээг хамарч цар тахлын дараа олон талын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих асуудлуудад гол анхаарлаа хандуулна гэж чуулганд оролцогчид онцолжээ.  

Холбогдох албаны хүмүүсийн зүгээс 2030 оны дунд үед Ази тив нь дэлхий дахинд явагдаж байгаа үйл ажиллагааны тэн хагасыг хариуцах болно гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн цар тахлын дараа Азийн орнуудын эдийн засаг сайжрах төлөвтэй байгаагаа олон улсын валютын сангаас гаргасан тооцоолол дээр тулгуурлан танилцуулжээ. Тус тооцоололд Азийн хөгжиж буй орнууд 2021 онд эдийн засаг нь 2021 онд эдийн засаг нь хамгийн өндөр өсөлттэй байх төлөвтэй байгаа гэж онцолсон байна. Тухайлбал БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 8.4 хувь, Энэтхэг 12.5 хувь өссөнөөр Азийн бүс өсөлтөөрөө тэргүүлэхээр байгааг тооцооллоос харах боломжтой байна.