АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын тангарагтны шүүх өнгөт арьст Жорж Флойдын аминд санамсаргүй байдлаар хүрсэн тул цагдаагийн ажилтан асан Дерек Шовиныг бүх зүйл ангиар буруутай гэж үзжээ. Тангарагтны шүүх өнгөрөгч даваа гарагийн орой уг хэргийг хэлэлцэж эхлэн өчигдөр үдээс хойш шийдвэрээ танилцуулсан байна. АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаагийн ажилтан асан Дерек Шовиныг хоёр ба гуравдугаар зэргийн хүн амины хэрэгт, өөрөөр хэлбэл санамсаргүй байдлаар хүний амь хөнөөсөн, түүнчлэн хайхрамжгүй байдлын улмаас өнгөт арьст иргэн Жорж Флойдыг үхэлд хүргэсэн гэм буруутайд тооцжээ. Эдгээр зүйл заалтаас хамгийн хүнд гэмт хэрэг нь хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг бөгөөд ялын дээд хэмжээ нь 40 жил шоронд хорих ял юм. Миннеаполис хотын тангарагтны шүүхийн шүүгч Кэхилл шүүхийн тогтоолыг уншиж сонсгосны дараа бүх шүүгч түүнтэй санал нэг байгаагаа баталсан бөгөөд найман долоо хоногийн дараа шийтгэх тогтоол нь гарах юм байна.
Цагдаагийн ажилтан асан Шовин шүүхийн шийдвэрийг тайван хүлээж авсан бөгөөд түүнийг шийтгэх тогтоол гарах хүртэл цагдан хоригдсон хэвээр байх юм байна. Дэлхий нийтийн анхааралд байсан уг шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд эхэлсэн юм. Хэрэг явдлын эргэн сануулахад, өнгөрөгч оны тавдугаар сард өнгөт арьст Флойдыг баривчлах үедээ цагдаагийн ажилтан асан Дерек Шовин боох арга ашиглаж, тун удалгүй хохирогч нас барсан юм. Хэдийгээр Миннеаполис хотын цагдаагийн газар тухайн оны тавдугаар сарын 26-нд Флойдыг баривчлахад оролцсон гурван цагдааг ажлаас нь халсан ч АНУ даяар олныг хамаарсан арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. Эсэргүүцлийн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгдэж, эмх журам тогтоохын тулд АНУ-ын үндэсний Гвардийн цэргүүд мужуудын хууль сахиулах байгууллагуудтай нэгдэж, Вашингтон, Нью-йорк зэрэг 40 орчим хотод хөл хорионы цаг тогтоож байсан билээ.