Дэлхийн тойрог замд оруулах ОХУ-ын шинэ станцын анхны модуль 2025 онд бэлэн болно гэж "Роскосмос" агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ. Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусах бөгөөд ОХУ-ын тал 2025 оноос эхлэн тус станцыг ашиглахаа болих талаар энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Дэлхийн тойрог замд ажиллах оросын шинэ станцын анхны үндсэн модулийг бүтээх ажил ид өрнөж байгаа бөгөөд тус ажлыг ОХУ-ын Пуужин-сансрын “Энергия” корпорац гүйцэтгэж байгаа юм байна.
Тус модулийн ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд анхны төлөвлөгөөгөөрөө 2015 онд бүтээн дуусгаснаар олон улсын сансрын станцын оросын хэсгийн эрчим хүчний хараат байдлыг арилгах зорилготой байсан юм. Харин 2015 онд төслийн зөвхөн хар зураг нь л бэлэн болсон байснаас гадна шинжлэх ухаан-эрчим хүчний модулийн нислэгийн корпусыг 2017 оноос угсарч эхлэн, газар дээрх туршилтуудыг 2018 оноос эхлүүлсэн байна. Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын шадар сайд Юрий Борисов 2025 оноос эхлэн олон улсын сансрын станцыг орхих болсон бөгөөд тун удахгүй шинэ станцыг хамтрагч улс орнуудтай хэрхэн хамтран ашиглах талаар хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн юм.
ОУСС-ын төслөөс гарахтай холбоотой эцсийн шийдвэрийг 2024 онд буюу тус станцын ашиглалтын хугацаа дууссаны дараа гаргана гэж "Роскосмос"-ын мэргэжилтнүүд мэдээлжээ. Эцсийн шийдвэр ямар байх нь ОУСС-ын техникийн байдал, мөн Оросын сансрын станц бүтээх ажлын явцаас хамаарах юм. 1998 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон олон улсын сансрын станцад сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдэж, зарим хэсгийг нь засварлахч аргагүй болжээ. Станцын битүүмжлэл суларч, хүчилтөрөгчөө алдах тохиолдол нэмэгдэж, зарим модулиуд нь сэргээн засварлах аргагүй болсныг олон улсын сансрын нисгэгчид мэдээлсээр байгаа юм. Хэдийгээр станцын ашиглалтын хугацааг 2020 оноор анх тогтоож байсан ч сүүлд 2024 он болгон сунгасан юм. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна.