ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин жил тутмын илтгэлээ хүргэлээ 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбооны хурал буюу парламентдаа жил бүр тавьдаг илтгэлээ танилцуулжээ. Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын төрийн тэргүүн жил бүр холбооны хуралд улс орны нөхцөл байдал, дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн талаар илтгэл тавьдаг юм. Харин энэ жилийн тухайд ерөнхийлөгч Владимир Путины илтгэлийн дийлэнх хэсэг нь улс орны хөгжил, хүн ам зүй, иргэдэд үзүүлэх нийгмийн дэмжлэгийн арга хэмжээнд зориулагдсан байжээ. ОХУ-д иргэд нь, нийгэм нь, төр засаг нь хариуцлагатай, эв санааны нэгдэлтэй ажиллаж “Ковид-19”-ийн халдварын эсрэг шуурхай, үр дүнтэй, ухамсартай ажилласныг онцолсон байна. Түүнчлэн ОХУ-ын гарган авсан “Ковид-19”-ийн халдварын эсрэг гурван вакцинтай болсон нь улс орны шинжлэх ухаан, технологийн чадавх өсөн нэмэгдэж байгаагийн илрэл гэж ерөнхийлөгч Путин онцолжээ. Түүнчлэн тэрбээр 2021 оны эцэс гэхэд хөдөлмөрийн зах зээлийг сэргээж, нэг сарын дотор жижиг, дунд бизнесийг дэмжих шинэ арга хэмжээгээ танилцуулахыг засгийн газарт үүрэг болгосон байна. Илтгэлийн төгсгөлд тэрбээр ОХУ бүх улстай сайн харилцаатай байхыг эрмэлздэг ч зайлшгүй шаардлагатай үед хатуу бөгөөд хурдан хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Хурлын төгсгөлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэддээ тавьсан бүх зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.