“Самсунг” группийн өв залгамжлагчид 13 их наяд вон төлнө  

Самсунг группийн ерөнхийлөгч агсан Ли Күн Хэгийн эхнэр, үр хүүхдүүд хөрөнгө өв залгамжилсны татвараа ойрын ирээдүйд төлөх гэж байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор энэ нь 13 их наяд вонд хүрчээ. Уг татвар хэмжээ нь дэлхийн түүхэнд бичигдэх хамгийн том өв залгамжлалын татваруудын нэг болох юм. БНСУ-ын хуулиар өнгөрсөн оны татварыг тайлагнах хугацаа энэ сард дуусгавар болох бөгөөд ирэх долоо хоногт багтаж, Самсунг группээс татвар төлөх төлөвлөгөөгөө зарлах байх гэсэн хүлээлт үүсээд байгаа юм байна. Самсунг группийн өв залгамжлагч дотор Ли Күн Хэгийн эхнэр Хон Ра Хэ, “Самсунг электроникс”-ын дэд ерөнхийлөгч, хүү Ли Жэ Ён, “Шилла зочид буудал” компанийн гүйцэтгэх захирал, том охин Ли Бү Жин, “Самсунгийн нийгмийн сан”-ийн тэргүүн, бага охин Ли Сё Хюн нар багтаж байна. 2020 оны аравдугаар сард 78 насандаа таалал төгссөн Ли Күн Хэ 19 их наяд воны үнэлгээтэй хувьцаа, 3 их наядын үнэ хүрэх үл хөдлөх хөрөнгө болон урлагийн бүтээлүүдийг гэрээслэлдээ үлдээжээ. LG группийн эзэн гэр бүлийн татвар төлсөнтэй адил Самсунгийн өв залгамжлагчид татвараа таван жилийн хугацаанд хувааж төлөх боломжтой юм. Ингэснээр эхний жилдээ 2 их наяд орчим воны татварыг БНСУ-ын засгийн газарт төлөх юм байна. БНСУ-ын хуулиар хувьцааны татварыг тооцохдоо өвлүүлсэн хүнийг нас барахын өмнөх болон дараах хоёр сар буюу нийт дөрвөн сарын хугацааны дунджаар тооцдог юм байна. Гэхдээ хувьцаанаас илүүтэйгээр Самсунгийн ерөнхийлөгч агсан Ли Күн Хэгийн үлдээсэн 130 орчим урлагийн бүтээлүүдийн үнэлгээ ажиглагчдын хамгийн их сонирхол татаж байгаа асуудал болоод байна.