Өнгөрөгч бямба гарагийн орой 9 цагийн үед “Ковид-19”-ийн халдвартай өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байсан Иракийн нийслэл Багдад хотын зүүн өмнөд хэсгийн Дияла бүсэд орших Ибн Ал Хатиб эмнэлгийн хоёр давхарт байдаг хүчилтөрөгчийн баллоны агуулахад дэлбэрэлт болсны улмаас гал гарчээ. Галыг унтраах ажиллагаанд гал унтраах, аврах 30 орчим ангийг оролцуулсан байна. Тухайн үед амиа алдсан хүний тоо 28 байсан бол энэ тоо сүүлийн 24 цагт нэмэгдэж 82 болжээ. Мөн уг ослын улмаас 110 хүн шархадсан байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгахыг Иракийн ерөнхий сайд Мустафа Аль-Казыми үүрэг болгожээ. Иракийн хүний эрхийн комиссын төлөөлөгчид уг осолтой холбоотойгоор Иракийн эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаад байгаа юм байна. Одоогийн байдлаар энэ хэрэгт тус эмнэлгийн ерөнхий эмч, аюулгүй байдлын албаны дарга, эмнэлгийн техникийн хангамж хариуцсан ажилтнуудыг буруутган саатуулаад байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Гал хурдан тархах өөр нэгэн шалтгаан нь тус эмнэлэг галын аюулгүй байдлын системээр тоноглогдоогүй, өрөөнүүдийн тусгаарлагчийг шатамхай материалаар хийсэн байжээ гэж үзэж байна.