УИХ-аас 2017 онд 2030 он хүртэл тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан. Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай 5 хувиар нэмэх шийдвэр гаргасан байдаг. 2020 онд цар тахлын улмаас шимтгэлийг нэмээгүй байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж 26 хувь болгосон. 7 дугаар сарын 1-ээс ажил олгогч 13.5%, ажилтан 12.5% хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө. 2019 оны 4 дүгээр улирлын статистик мэдээллээр манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1 сая 200 мянган төгрөг болсон. 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай хүн цалингаасаа сард 150 мянган төгрөгийн шимтгэл төлнө. Ажил олгогч нь ажилтныг цалинжуулсны төлөө 162 мянган төгрөгийн шимтгэл төлнө. 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай хүн сард 312 мянган төгрөг, жилд 3 сая 744 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжих хугацаа долоодугаар сарын 1-нд дуусаж, иргэд бүх хойшлуулсан зээлийн төлөлтөө төлж эхэлнэ. Засгийн газраас үзүүлж байгаа цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа ч дуусна. Энэ хэрээр иргэдийн санхүүгийн ачаалал эрс нэмэгдэх учраас нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувиар төлөх чадамж байхгүй гэж эдийн засагчид үзжээ.