Дэлхий дахинд тархсан “Ковид-19”-ийн халдварын улмаас аялал жуулчлал хязгаарлагдсан ч зарим улс орон дархлаажуулалтын хөтөлбөрт бүрэн хамрагдсан ард иргэдийг хүлээн авч эхлээд байгаа. “Блүүмберг” агентлагаас цар тахлын үед хамгийн аюулгүй улс орнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд уг жагсаалтыг Сингапур улс тэргүүлж, Шинэ Зеланд улс араас нь жагсаж байна. “Блүүмберг” агентлагийн гаргасан жагсаалтад Сингапур иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, мөн дотооддоо “Ковид-19”-ийн халдварын тархалттай үр дүнтэй тэмцсэн нь цар тахлын үед хамгийн аюулгүй улс орнуудыг тэргүүлэх гол хүчин зүйл болсон гэдгийг онцолсон байна.
Хэдийгээр Шинэ Зеланд улс 2020 оны 11 дүгээр сард гаргасан дээрх жагсаалтыг тухайн үедээ тэргүүлсэн ч “Ковид-19”ийн халдварын эсрэг дархлаажуулалтын аянд хүн амынхаа 20 орчим хувийг хамрагдуулсан нь 2-т бичигдэх гол хүчин зүйл болжээ. Тус жагсаалтыг гаргахдаа шинжээчид “Ковид-19”-ийн халдварын өвчлөл, нас баралтын үзүүлэлтүүд, шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн тоо, хүн амаа вакцинд хамруулсан байдал гэсэн шалгууруудаар үнэлсэн байна. Жагсаалтад дэлхийн 53 улс багтсан бөгөөд дээрх шалгуураар Сингапур 79.7, Шинэ Зеланд 79.6 оноо авсан бол Австрали 76.2, Израиль 74.9 оноо авч гурав, дөрөвдүгээр байрт бичигдсэн байна.