Нийслэлийн хэмжээнд 405 цэгт нөөцийн мах худалдаалж байна

Энэ жил нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан нийт 11 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн. Нийт нөөцийн махны 60 хувь нь хонины мах, 30 хувь нь үхрийн мах, 10 хувь нь ямааны махнаас бүрдэж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нөөцийн махны худалдааг эхлүүлсэн бөгөөд өдөрт нийслэлийн хэмжээнд 80-110 тонн нөөцийн махыг нийлүүлж байгаа юм байна. Иргэдийн зүгээс түлхүү үхрийн мах худалдан авч байгаатай холбоотойгоор хонь болон ямааны махны худалдаалалт бага байгаа юм. Одоогийн байдлаар нөөцийн махны нийлүүлэлт болон худалдан авалтад ямар нэгэн асуудал үүсээгүй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийтдээ 7800 тонн нөөцийн мах үлдээд байна. Түүнчлэн иргэд нөөцийн махыг зоорины махтай эндүүрч авах тохиолдол байгаа юм байна. Үүнээс шалтгаалж нөөцийн махны үнэ өслөө, үнийн зөрүү гарч байна гэх санал гомдол гаргадаг байна. Мөн ямааны махны худалдаалалт муу байгаагаас шалтгаалж хонины болон үхрийн мах худалдан авах иргэд заавал ямааны мах дагалдуулж худалдан ав гэсэн тохиолдол гарсан тул сануулга өгсөн байна. Харин нөөцийн мах худалдаалах цэгүүдэд үхрийн мах 7700 төгрөг, хонины мах 6700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр худалдаалагдаж байна.