Олон улсын сансрын станцад зургаан сар орчмын турш ажилласан сансрын нисгэгчид АНУ-ын “Spacex” компанид бүтээсэн “Crew dragon” сансрын хөлгөөр өчигдөр эх дэлхийдээ эргэн ирлээ. АНУ-ын “Наса” агентлагийн гурван сансрын нисгэгч, Японы сансар судлалын “Жакса” агентлагийн нэг сансрын нисгэгчийг тээвэрлэсэн сансрын хөлөг АНУ-ын Флорида мужийн Панамa хотод орон нутгийн цагаар ням гарагийн шөнийн 2 цаг 56 минутад газарджээ. АНУ-ын “Наса” агентлагийн сансрын нисгэгч Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, Японы сансрын нисгэгч Сойчи Ногүчи нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “Spacex”-ийн бүтээсэн хөлгөөр ОУСС-д очсон юм. Тус сансрын нисгэгчид ОУСС-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хөдлөхөөр төлөвлөж байсан боловч Флорида дахь цаг агаарын нөхцөл муудсаны улмаас хойшлуулсан байна. АНУ-ын “Наса” агентлаг сүүлийн 53 жилийн хугацаанд анх удаа шөнийн цагаар хөлгөө газардуулсан нь энэ болсон бөгөөд хамгийн сүүлд 1968 оны 12 дугаар сард “Аполло 8” хөлөг шөнийн цагаар газардаж байжээ. 2011 онд Шаттль хөтөлбөрийг зогсоосноос хойш сансрын нисгэгчээ илгээх тал дээр ОХУ-аас хараат байсан АНУ ийнхүү 9 жилийн дараачаас өөрсдийн хөлгөөр сансрын нисгэгчдээ эх орноосоо хөөргөх болсон юм. Одоо ОУСС-д долоон сансрын нисгэгч байгаагийн дөрөв нь өнгөрсөн долоо хоногт "Spacex"-ийн хөлгөөр очсон бөгөөд тэнд 6 сарын турш ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.