Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын эрх баригчид БНАСАУ-тай томоохон тохиролцоонд хүрэхийг чухалчлахгүй ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг эрэлхийлнэ гэдгээ мэдэгдсэн юм.Тус мэдэгдлийн дараа БНСУ-ын гадаад хэргийн яам ойрын хугацаанд Пёньянтай цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх тал дээр хувь нэмэр оруулахын тулд Вашингтоны засаг захиргаатай хамтран ажиллана гэж мэдээлжээ.Тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгчийн зүгээс энэ сарын 21-нд товлоод байгаа БНСУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, гадаад хэргийн сайд нарын уулзалтынхаа үеэр “БНАСАУ-ыг чиглэсэн бодлогын талаар үргэлжлүүлэн зөвшилцөнө” гэж мэдэгджээ. Энэ үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар БНАСАУ-ын цөмийн асуудлын талаар болон Сөүл-Вашингтоны эвслийг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх юм. Тэгвэл өчигдөр буюу ням гарагт БНАСАУ-ын гадаад хэргийн яам АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг ноцтой аюул гэж нэрлэсний хариуд "арга хэмжээнүүдийг" авч хэрэгжүүлэх болно гэж мэдээлжээ. БНАСАУ-ын гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал хариуцсан хэлтсийн дарга Квон Чон Гун дээрх мэдэгдлийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден конгрессын танхимд анх удаа үг хэлэх үеэрээ “БНАСАУ, Иранаас учрах ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор хийсэн байна. Мөн тэрээр хүйтэн дайны үеийн хоцрогдсон бодлогоо баримталсан АНУ ойрын ирээдүйд тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулах болно гэж мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.