Их Британийн нийслэл Лондон хотод “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байгаа юм. Хөгжиж байгаа орнуудын охид, эмэгтэйчүүдийн боловсролд зориулж ирэх хоёр жилийн хугацаанд 15 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа тухай Их Британийн гадаад хэргийн яам мэдээлжээ. Их Британийн гадаад хэргийн яамнаас “G7”-ийн гишүүн орнууд энэхүү хөрөнгө оруулалтын ачаар 2026 он гэхэд бага орлоготой орнуудын 40 сая гаруй охин сургуульд сурах боломжтой болж, тэдгээр орны 20 сая охин 10 насандаа уншиж сурна гэж найдаж байна гэж мэдээлжээ. Тус мэдэгдэлд “Охидын боловсролд хөрөнгө оруулах нь хүмүүсийг ядуурлаас гаргах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүний амь насыг аврах, “КОВИД-19” цар тахлын нөлөөг даван туулахад туслах хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалтын нэг" гэж дурдсан байна.
Хөрөнгө оруулалтыг “G7”-гийн орнуудын 2018 онд эхлүүлсэн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын түншлэл буюу “2 экс чалленж” механизмаар дамжуулан хуваарилахаар төлөвлөжээ. Энэхүү түншлэл нь олон улсын байгууллагууд болон олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтээр эмэгтэйчүүдийн эзэмшдэг эсвэл эмэгтэйчүүд олноороо ажилладаг, үйл ажиллагаа нь ихэвчлэн эмэгтэйчүүд рүү чиглэсэн ахуйн нэгжүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сүүлийн хоёр жилийн хугаацаанд “КОВИД-19”-ийн халдвар болон хөл хорионы улмаас охид, эмэгтэйчүүд сургууль завсардаж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж нь хумигдаж, хүчирхийлэлд өртөх, ажилгүй болох эрсдэл нэмэгдсэн үед ийм төсөл хэрэгжүүлэх нь нэн чухал юм гэж Ройтерс агентлаг цохон тэмдэглэжээ.
Энэ сарын 3-5-ны хооронд Лондон хотод зохион байгуулж байгаа "G7"-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы гадаад хэргийн сайд нараас гадна ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель, Австрали, Энэтхэг, БНСУ, ӨАБНУ-ын төлөөлөгчид, мөн Асеан-ы ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хойг нар оролцож байна.