АНУ-ын цэргүүд Афганистанаас гарахтай холбоотойгоор Талибанчуудын хөдөлгөөн эрчимжжээ

АНУ-ын цэргүүд Афганистанаас албан ёсоор энэ сарын 1-ээс гарч эхэлж байгаа. Энэхүү үйл явц ирэх есдүгээр сарын 11-нд дуусгавар болсноор тус бүс нутагт АНУ-ын нэг ч цэрэг үлдэхгүй юм. АНУ-ын тал Афганистаны өмнөд бүсийн Хелманд муж дахь баазыг засгийн газрын зэвсэгт хүчинд шилжүүлж өгсөнтэй зэрэгцэн Хелманд мужийн Пакистантай залгаа хилийн постууд руу Талибанчууд довтолж эхэлжээ. АНУ-ын цэргүүд Афганистанаас албан ёсоор гарч байгаатай холбоотойгоор тус бүс нутагт Талибанчууд олноороо байрлаж, хөдөлгөөн нь эрчимжиж эхэлсэн талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Тэрбээр энэхүү мэдэгдлийн дараагаар Афганистанаас АНУ-ын цэрэг гаргах ажиллагаа 6 хувьтай байгаа бөгөөд ямар нэг саад бэрхшээл тохиолдоогүй гэж онцолсон байна.

Тэгвэл өнгөрөгч ням гарагт Афганистаны өмнөд бүсийн Хелманд мужийн төв Лашкар Гах хотын захад Талибанчууд тулж ирсэний улмаас хил орчмын бүсээс мянга гаруй өрх орон гэрээ орхин дүрвэжээ. Талибанчууд хил дээрх хэд хэдэн постыг эзэлж авсан ч Афганистаны батлан хамгаалах 100 гаруй хэт давруу үзэлтэн болон Пакистанаас очсон Аль Кайда зэвсэгт бүлгийн 22 гишүүнийг устгаж чадсан байна. Өмнөд бүсийн Хелманд мужаас гадна Афганистаны өөр хэд хэдэн мужид Талибанчууд засгийн газрын зэвсэгт хүчинтэй дайтаж эхэлсэн тухай мэдээ Ройтерс агентлагт очсоор байгаа юм. Харин Пентагон дээрх бүс нутагт үүссэн нөхцөл байдалд төдийлөн санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Аль Кайда террорист байгууллага АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдсэний дараа Афганистаны дайн эхэлж, бараг 20 жил үргэлжилсэн юм. Аль Кайдагийн халдлагын 20 жилийн ойн өдөр Афганистанаас АНУ-ын үлдсэн 2.500 орчим цэрэг бүрэн гарч дуусна.