Дэлхий дахинд 900 мянган эх баригч эмч, мэргэжилтэн дутагдалтай байна

5-р сарын 5-нд Олон улсын эх баригч эмч, мэргэжилтнүүдийн өдөр тохиосон. ДЭМБ, НҮБ-ын хүн амын сан, олон улсын эх баригчдын нийгэмлэгийн хамтарсан мэдэгдэлд дэлхий дахинд эх баригч эмч, мэргэжилтнүүд дутагдаж байгаа талаар онцолсон байна. ДЭМБ, НҮБ-ын хүн амын сан, олон улсын эх баригчдын нийгэмлэгийн хамтарсан мэдэгдэлд дэлхий даяар нийт 900 мянган эх баригч эмч дутагдаж байгаа талаар дурдсан байна. Энэ тоо нь уг салбарт шаардагдах мэргэжилтнүүдийн гуравны нэг хувь нь юм. Түүнчлэн дэлхий дахинд тархсан “КОВИД-19”-ийн халдвар эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж мөн дээрх мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Олон улсын мэргэжилтнүүдийн зүгээс эмнэлгийн эх барих үйлчилгээг бүрэн хангаж, сайжруулснаар 2035 он гэхэд нярайн эндэгдлийг 64 хувиар, жирэмсэн эмэгтэйчүүдийн амиа алдах тохиолдлыг 65 хувиар бууруулж, жилд 4.3 сая хүний амь насыг аврах боломжтой гэж үзжээ. Дэлхий дахинд эх барих эмч нар дутагдаж байгаа шалтгааныг хүйсийн тэгш бус байдалтай холбоотой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм. Тодруулбал, нийт эх баригч эмч нарын 93 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Мөн өөр нэгэн гол шалтгаан нь энэ салбарт санхүүжилт хангалтгүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагыг чухалчлан авч үзэхгүй байгаатай хамааралтай гэж судлаачид үзжээ. Харин ДЭМБ, НҮБ-ын хүн амын сан, олон улсын эх баригчдын нийгэмлэгийн зүгээс олон улс, орны засгийн газруудад эх баригч эмч, мэргэжилтнүүдийг дэмжих, санхүүжилтэд нь эн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг анхааруулан уриалсан байна.