Өнгөрөгч мягмар гарагт Францын Үндэсний Ассамблей хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны үеийнхээсээ 40 хувиар бууруулах зорилгодоо хүрэхэд чиглэсэн баримт бичгүүдийг бататгах хуулийн төслийг баталжээ. Францын Үндэсний Ассамблей хуралдаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах баримт бичгийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Тус улсын парламентын доод танхимын 577 депутатын 332 нь энэхүү баримт бичгийг дэмжсэн бол 77 нь эсрэг санал өгсөн байна. Байгаль орчны сайд Барбара Помпили хууль тогтоогчдод хандан “Энэхүү хуулийн төслийн тусламжтайгаар байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг том амлалт, хүрэхэд бэрх зорилго бус илүү үр дүнтэй арга хэмжээнүүдийг тусгахад илүү анхаарч байна” гэж мэдэгджээ.
Тус хуулийн төсөлд, галт тэргээр 2 цаг 30 минут хугацаанд үргэлжилдэг дотоодын нислэгүүдийг хориглохоос гадна шинэ нисэх буудал барих, мөн одоогоор баригдсан нисэх буудлуудыг өргөтгөхийг хориглоно. Францын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын тооцоолсноор нэг ижил чиглэлд онгоц нисэхэд галт тэрэгнээс 77 дахин их нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна. Үүнээс гадна галт тэргээр зорчих зардал бага, илүү зарцуулах хугацаа нь ч 40 минутаас хэтрэхгүй гэж холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Мөн 2030 оноос нэг километрт 95 граммаас илүү хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг автомашиныг худалдаалахыг хориглож, сургуулиудаас долоо хоногт хамгийн багадаа нэг удаа мах, загасгүй хоолыг цэсэндээ оруулахыг хүсэх юм байна. Үүний зэрэгцээ үндэсний хэмжээнд байгаль орчинд ноцтой хохирол учруулсан хэргүүдийг “Экоцид” гэх эрүүгийн шинэ гэмт хэрэгт тооцохоор зааж, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд 10 хүртэлх жилийн хорих ял, 4.5 сая еврогийн торгууль ногдуулахаар тусгасан байна.