Их Британийн эрх баригчид Франц улстай загасчлах эрхийн талаарх маргааныг шийдсэнийхээ дараа цэргийн хөлөг онгоцуудаа Жерси арлаас эргүүлэн татахаар болжээ. Их Британийн хааны тэнгисийн цэргийн Флотын хоёр хөлөг онгоцыг Ла-Маншийн хоолой дахь Жерси арлаас нутаг буцаахад бэлэн гэдгээ тус улсын засгийн газар онцолсон байна. Хэрэг явдлыг эргэн сануулахад, Их Британийн засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, “Брексит”-ийн дараа Францын эрх баригчид загасчлах нөхцөлийг өөрчилснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Ла-Маншийн хоолой дахь Жерси арлын цахилгаан хангамжийг тасална гэж сүрдүүлсний дараа хөлөг онгоцоо байрлуулах шийдвэр гаргасан юм. Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар Их Британийн хааны тэнгисийн цэргийн флотын хоёр хөлөг онгоцыг тус бүс нутаг руу илгээсэн бөгөөд загасчлахтай холбоотой эрхийг эсэргүүцсэн Францын загасчдын эсэргүүцлийн жагсаал дууссаны дараа хөлөг онгоцоо эргүүлэн татахаар болсон байна. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны зүгээс "Нөхцөл байдал одоогоор шийдэгдлээ" гэж мэдэгдсэн ч Жерси арал болон Францын эрх баригчдын хооронд загас агнуурын бүсийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. Францын далайн хэрэг эрхэлсэн сайд Анник Жирардены зүгээс Жерси арлын эрэг орчимд Францчуудын загасчлах бүсийг хязгаарласан нь “Брексит”-ийн гэрээг зөрчиж байгаа явдал гэж хариу мэдэгджээ.