Дэлхий дахинд сүүлийн жил орчмын хугацаанд үргэлжилж байгаа “Ковид-19”-ийн халдварын улмаас дэлхийн нийт хүн амын 3-ны нэг нь хөл хорионд орж, улмаар цар тахлын нөлөө хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хямрал үүсгэж эхэлснийг НҮБ анхаарууллаа. Үүнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа талаар онцолсон байна. Тэр ч үүднээсээ хөл хорионоос үүдэлтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийн хямралд орсон иргэдийг ялгаварлан гадуурхах ёсгүйг НҮБ сануулж, цар тахлын дараа нийгмийн сэтгэл зүйд чиглэсэн бодлого арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэн, бүх нийт болон өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатайг онцолжээ.
Мөн “Ковид-19”-ийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдэд сэтгэлзүйн эмчилгээ нэн шаардлагатай байгаа талаар НҮБ-ын сэтгэцийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Дебора Кестел мэдэгджээ. Мөн тэрээр дэлхий даяар 2 жилийн хугацаанд хичээл завсардаж гэртээ байсан 1 тэрбум гаруй хүүхдэд сэтгэлзүйн дэмжлэг нэн шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байна. Түүнчлэн НҮБ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт нийт зарцуулагдаж буй мөнгөний ердөө 2 хувь нь сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулагддагийг онцолж, энэ чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудын засгийн газарт уриалсан байна.
Одоогоор дэлхийн улс орнуудаас Австрали улсын засгийн газар цар тахлын үед иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах ажилд зориулж 48 сая Австрали доллар зарцуулах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Мөн “Ковид-19”-ийн халдвараас үүдэлтэй сэтгэлзүйн дэмжлэг хичээлүүдийг нэмэлтээр оруулахыг АНУ-ын мужуудын амбан захирагч нарт эрх баригчид уриалсан байна.