АНУ-ын жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” ёслолын арга хэмжээнээс авсан шагналуудаа буцаан өгчээ

АНУ-ын “NBC” телевиз ирэх онд “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулахгүй гэдгийг өнгөрөгч даваа гарагт албаны эх сурвалж мэдэгдсэн юм. Нийгмийн олон талт байдлыг тусгадаггүй гэж олон нийтэд шүүмжлүүлээд байгаа энэхүү ёслолын арга хэмжээнээс авсан шагналуудаа холливудын нэрт жүжигчид буцаан өгч эхэлжээ. АНУ-ын жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмын шагналын эздийг тодруулдаг шүүгчдийн дунд өнгөт арьст шүүгч байхгүй болоод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн уг наадмаас хүртсэн шагналуудаа холливудын гадаад хэвлэлийн холбоонд буцааж өгчээ. Холливудын гадаад хэвлэлийн холбоо нь “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын зохион байгуулагч юм. Шилдгийг тодруулдаг тус арга хэмжээг холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбооны гишүүд ихээхэн шүүмжлээд байгаа бөгөөд “ЛОС АНЖЕЛЕС ТАЙМС” сонины 2 дугаар сарын нийтлэлд дурдсанаар, Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын гишүүдийн бүрэлдэхүүнд 20 жилийн хугацаанд нэг ч өнгөт арьст шүүгч байгаагүй юм байна. Жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас 1990 онд “долоодугаар сарын 4-нд төрсөн хүн” кинонд бүтээсэн ахмад дайчин Рон Ковикийн дүрээр, 1997 онд "Жерри Магуайр" кинонд бүтээсэн спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан бол 2000 онд "Магнолия" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах жүжигчнээр тодорч байжээ. Тус жүжигчнээс гадна Скарлат Йоханссан тус холбоог эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, шагналуудаа буцаан өгөхөөр болсныг албаны эх сурвалжууд мэдэгдсэн байна. Тус оддоос өмнө “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 1996 оноос хойш жил бүр “NBC” телевиз орон даяар шууд дамжуулдаг АНУ-ын “NBC” телевиз нийгмийн олон талт байдлыг тусгадаггүй тул ирэх 2022 онд шууд дамжуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тус телевизийн мэдэгдэлд олон үндэстэн угсаатнуудыг шүүгч, гишүүдийн баг бүрэлдэхүүнд багтааж чадвал ирэх 2023 онд уг ёслолын арга хэмжээг шууд дамжуулна гэж найдаж байна гэж дурджээ. Холливудын гадаад хэвлэлийн холбоонд нийт 86 сэтгүүлч байдаг бөгөөд тус холбоо өнгөт арьст сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэж, шинэчлэл хийхээ амлажээ.