Хөтлөгч Э.Деженерес ирэх 2022 онд “Элленс шоу” нэвтрүүлгээ дуусгахаар болгожээ

АНУ-ын жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен Деженерес 18 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгосон “Элленс шоу”-гаа ирэх 2022 онд дуусгахаар болжээ. 2003 оноос хойш АНУ-ын “NBC” телевизээр олны хүртээл болсон уг шоу өнөөдрийн байдлаар 3002 дугаар гаргаж, мөн ижил хугацаанд телевизийн шилдгийг тодруулах “Эмми”-ийн ёслолоос 61 удаа шагнал хүртсэн байна. 

Ану-ын жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен Деженерес “Элленс шоу”-ы 19 дүгээр улирлын бичилтийг дуусгасны дараа нэвтрүүлгээ дуусгавар болгох шийдвэрийг гаргажээ. Тэрбээр “Уран бүтээлч хүнд төвөгтэй шийдвэр гаргах шаардлага байнга гардаг. Энэ шоу нь хөгжөөнтэй, гайхалтай шоу хэдий ч миний хувьд сорилт байхаа больсон. Цаашид юу хийх талаар бодоогүй байгаа ч кино салбарт хүчээ үзнэ” гэж нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ. 

Түүнчлэн хөтлөгч Эллен эхнэртэйгээ хамт байгаль орчны асуудалд анхаарал хандуулж, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэнэ гэдгээ дурдсан байна. Хэдийгээр зарим шүүмжлэгчдийн зүгээс нэвтрүүлгийн зураг авалтын багийн гишүүд хууль бусаар ажлаасаа халагдсан талаарх мэдээлэл болон бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхдаг гэдэг шүүмжлэлд өртөөд байсан ч энэхүү мэдээлэл нэвтрүүлгээ зогсоох шийдвэрт нь нөлөөлөөгүй гэдгийг Эллен Деженерес тайлбарласан байна. Хөтлөгч Эллен 2007, 2014 онуудад Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж, 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнаж байсан юм.