Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 6-р сарын 9-нд болно. Сонгууль бүрээр яригддаг нэг асуудал бол иргэдийн саналыг худалдаж авах болон худалдаж авахыг завдсан, бэлэн мөнгө эд зүйлс тараах байдаг. Тэгвэл иргэд хэн нэгэн нэр дэвшигч, улс төрийн нам эвсэл сонголтонд нь нөлөөлөхийг оролдсон дээрх үйлдлүүдийг гаргавал хуулийн дагуу баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Ингэснээр хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гаргуулах эрхтэй юм.
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйл сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяаллын 6-д зааснаар сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болох юм. Харин зарим иргэд хуульд тийм заалт байдгийг мэддэггүй мөн тэдний зарим нь санал худалдаж авах үйлдлүүд эргэн тойронд нь тохиолдож байсан гэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тус заалттай яг ижил заалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч мөн тусгагдсан байдаг. Тиймээс иргэд хуулиа мэдэж, сонгох эрхэнд нь халдсан тохиолдлыг баримттай мэдээлж, хууль бусаар сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг хүссэн хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжтой байдаг байна.