АНУ-ын дамжуулах хоолойн компани цахим халдлагад өртсөнөөр зүүн мужуудад түлшний хомсдол үүсжээ

АНУ-ын Жоржио мужид төвтэй дамжуулах хоолойн томоохон оператор болох “Колониал Пайплаян” компани цахим халдлагад өртөж үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Тэгвэл нэг өдөрт 370 сая литр түлш дамжуулах хүчин чадалтай тус оператор компанийн үйл ажиллагаа саатсанаар АНУ-ын хэд хэдэн мужид бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний хомсдол үүссэн байна.

АНУ-ын тээврийн яам тус улсын Нью-Йорк, Виржини, Флорида, Арканзас, Техас, Миссисипи зэрэг өмнөд болон зүүн мужуудад бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж байгаа талаар анхааруулжээ.

Эрх баригчдын зүгээс түлшний үнийн хөөргөдөл үүсээд байгаа энэ цаг үед шатахуун нөөцлөхгүй байхыг жолооч нарт уриалсан байна. Тус улсын автомашины холбооны мэдээлснээр, өнгөрөгч мягмар гарагийн байдлаар нэг галлон буюу 3.7 литр шатахууны дундаж үнэ 2.98 ам.долларт хүрсэн нь 2014 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин тус компанийн системийн доголдлыг арилгахад дахин хэдэн өдөр шаардагдаж магадгүй гэж ажиглагчид үзээд байгаа юм. Хэдийгээр цөөн хэдэн жижиг шугамуудыг ажиллуулж эхэлсэн боловч зүүн эргийн тэн хагас орчмыг шатахуунаар хангадаг 8900 километр гол хоолойн ажиллагааг энэ долоо хоногийн эцэс хүртэл хаалттай хэвээр байлгахаар болсон байна.

"Блүүмберг" агентлагийн мэдээллээр, энэхүү цахим халдлагын ард “Дарксаяд” бүлэглэлийн хакерууд байгаа бөгөөд тэд 100 гигабайтын мэдээлэл хулгайлж чадсан гэж үзсэн бол АНУ дахь ОХУ-ын элчин сайдын яамны зүгээс ОХУ-ын засгийн газар цахим халдлагын ард бий гэх таамаглалыг няцаасан байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ халдлага үйлдсэн гэж үзэх нотолгоо одоогоор байхгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.