АНУ-ын засгийн газар БНХАУ-ын гар утас, технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Шиаоми” компанийг хар жагсаалтаасаа гаргаж, ерөнхийлөгч асан Доналд Трампын үед тогтоосон хориг арга хэмжээг цуцлахаар болсныг Ройтерс агентлаг мэдээлжээ. АНУ-ын шүүхээс "АНУ-ын батлан хамгаалахын яам болоод “Шиаоми” компани хориг арга хэмжээг хүчингүй болгох тохиролцоонд хүрсэн” хэмээн өнгөрөгч лхагва гарагт мэдээлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орохоос хэдхэн хоногийн өмнө батлан хамгаалахын яам БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгч “Шиаоми” компанийг эх газрын Хятадын цэргийн хүчинтэй холбоотой гэх үндэслэлээр хар жагсаалтад оруулсан юм. Энэхүү жагсаалтад орсон аж ахуй нэгжүүдэд АНУ-ын компани ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулахыг хориглодог байна.
“Шиаоми” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээг хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-ын холбооны шүүгч уг компанийг БНХАУ-ын эрх баригчдад мэдээлэл илгээдэг аль эсвэл эзэмшилд нь байдаг гэх нотолгоо хангалттай бус гэх шалтгаанаар 4 сарын турш хойшлуулж байсан юм. Харин өнгөрөгч лхагва гарагийн тохиролцоо нь АНУ, БНХАУ-ын хаpилцааны хурцадмал байдлыг намжаах ховор үйл явдал болж байгааг Ройтерс агентлаг онцолжээ. АНУ-ын шүүхийн мэдээлснээр, талууд тохиролцооныхоо нарийн асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд тавдугаар сарын 20-нд хамтарсан саналаа эцэслэн гаргах төлөвтэй байна. Хориг цуцлагдаж байгаа мэдээлэл цахим хуудсаар тархсаны дараа “Шиаоми” компанийн хувьцааны ханш Хонконгт 6 хувиар өсжээ.