Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт болон санал хураах өдрийн үйл явцад хөндлөнгийн хяналт хийх дөрвөн ТББ, холбоодыг сонгуулийн ерөнхий хороо бүртгэн баталсан байна. Хөндлөнгийн хяналт хийх байгууллагууд санал хураах өдрийн үйл явцаас гадна сонгогчдын нэрсийн жагсаалт, программ хангамж, шинэчилсэн журмуудын судалгаа болон сонгуулийн дүн мэдээ нэгтгэх үйл явцад ажиглалт хийх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.13 дахь хэсэгт “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан. Энэ дагуу тавдугаар сарын 10-аас өмнө сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ СЕХ-нд 4 төрийн бус байгууллага холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн байна. Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар дараах төрийн бус байгууллагуудыг бүртгэж, шийдвэрээ гаргажээ. Мидас төрийн бус байгууллага энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хяналт шинжилгээ, ажиглалт хийнэ. Бодлогод залуусын хяналт ТББ-ын 120 сайн дурын ажилтан залуус сонгуулийн санхүүжилтэд болон санал авах ажиллагааг 50 хэсгийн хороонд ажиглах байна. Мөн тус ТББ-ын ажиглагчид 5 дугаар сарын 30,31-нд болох гадаадад байгаа иргэдээс санал авах өдөр Япон, АНУ, БНСУ зэрэг улсуудад хөндлөнгийн ажиглалт хийх юм байна. Мөн “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл, монголын багш эцэг, эхийн холбоо сонсголын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдэнд зориулсан мэдээллийн хүртээмж, сонгуулийн сурталчилгааны хүртээмж, санал авах байрны хүртээмж, санал өгөх үйл явцыг ажиглахаар болсон байна.