БНЭУ-д “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор цар тахлын эсрэг вакциныг улс оронд тэнцүү хуваарилах зорилготой олон улсын “Ковакс” хөтөлбөрт вакцины хомсдол үүсжээ. Тус хөтөлбөрийн хамгийн том нийлүүлэгч болох БНЭУ-ын “Серүм” хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сард төлөвлөсөн хуваарийн дагуу вакцинаа нийлүүлээгүйн улмаас 140 сая тун вакцины хомсдол үүсээд байгаа талаар эх сурвалжууд мэдэгджээ. Иймээс “Ковакс” хөтөлбөрийн вакциныг худалдан авч, нийлүүлж байгаа НҮБ-ын хүүхдийн сангийн зүгээс “Долоогийн бүлэг”, Европын холбооны орнуудын удирдагчдад вакцинаасаа хуваалцахыг уриалсан байна. НҮБ-ын хүүхдийн сангийн тооцоолсноор, өндөр хөгжилтэй орнууд хүн амаа вакцинжуулах зорилтдоо хүрэхийн сацуу 153 сая орчим тун вакциныг хандивлах боломжтой юм байна.
Тэгвэл АНУ “Ковид-19”-ийн халдварын эсрэг нийтдээ 80 сая тун вакциныг дэлхийн бусад улс орнуудад ирэх 6-р сарын эцэс гэхэд хандивлахаар болсныг ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Хандивын 80 сая тун вакцины 20 сая нь АНУ-д одоо хэрэглэгдэж байгаа АНУ, ХБНГУ-ын “Пфайзер-Бионтех”, АНУ-ын “Модерна”, “Жанссен” компаниудын вакцин байх бол 60 сая нь Их Британи, Шведийн “Астразенека” компанид захиалж авах вакцин байна гэж цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Тус улсаас гадна БНХАУ 17.4 сая тун вакциныг бусад улсуудад хандивлаж, 651 сая тунг борлуулсан бол ОХУ-ын хувьд үүнээс хавьгүй бага хэмжээтэй вакциныг гадаад зах зээлд нийлүүлээд байгаа юм.