БНХАУ-д зохиогдсон уулын марафон гүйлтийн тэмцээний үеэр цаг агаар муудаж, 21 хүн амиа алджээ

Өнгөрөгч бямба гарагийн өглөөний 9 цагт БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужид уулын марафон гүйлтийн тэмцээн эхэлжээ. Уул толгод, хадан цохиог тойрох энэхүү гүйлтийн тэмцээн нь далайн түвшнээс дээш мянган метрийн өндөрт зохион байгуулагдсан бөгөөд нийт 172 тамирчин оролцсон байна. Гүйлтийн тэмцээний нээлтийн үеэр цаг агаар тогтуун байсан боловч өдрийн 12 цагаас эхлэн цаг агаарын байдал эрс муудаж, хүчтэй салхи дэгдэхийн зэрэгцээ мөндөр, аадар бороо орж эхэлжээ. Цаг агаарын байдал эрс муудсанаар 21 тамирчин амиа алдсан бол хөнгөн болон хүндээр гэмтсэн найман хүн Жинтай хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Уулын марафон гүйлтийн тэмцээнд оролцож байсан тамирчдын эрэлд аврах албаны 1200 алба хаагчийг дайчилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 151 тамирчин эсэн мэнд байгаа юм байна.