Хүүхэд товчин зай залгихад хоол боловсруулах замын салст, давхарга түлэгдэх, цоорох зэрэг ноцтой гэмтэл учирдаг

Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхдүүд товч, товчин зай зэрэг гадны биетийг залгих тохиолдол их байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ноцтой аюул учруулдаг байна. Хэрэв бага насны хүүхэд товчин зай цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй юм. Эхэмүт-ийн ерөнхий мэс заслын тасагт хоол боловсруулах эрхтэн тогтолцоо руу гадны биет оруулсан хүүхдүүд өдөр бүр ирдэг байна. Тэдгээр хүүхдүүд ихэвчлэн ээмэг, жижиг хэмжээтэй эвлүүлдэг тоглоом, товчин зай зэргийг залгих нь элбэг байдаг гэв. Эдгээрээс хүүхдийн эрүүл мэндэд хамгийн ноцтой аюул учруулдаг нь товчин зай, соронз байдаг байна. Хэрэв хүүхэд зай залгисан бол хоол боловсруулах замд ороод хайлж маш хүчтэй хүчил ялгаруулдаг бөгөөд энэ нь салст, давхаргуудыг нь түлэх, цаашлаад цоолох зэрэг ноцтой гэмтэл учруулдаг гэдгийг албаныхан мэдээлж байна. Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ гадны биет залгисан гэдгийг мэдэлгүй олон хонодог байна. Тэгвэл гадны биетийг гадагшлуулахгүй удах тусам хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгддэг. Тиймээс хүүхэд товчин зай залгивал 2 цагийн дотор эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай бөгөөд бөөлжүүлж гаргах оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд шуугиантай амьсгалах, байнга шүлсээ гоожуулах, залгихад бэрхшээлтэй болох, бөөлжих, цустай эсвэл хар өтгөн гаргах, хоолой, цээж эсвэл хэвлийгээр өвдөх шинж тэмдгүүд илэрвэл товч, зоос, төмөр эд анги залгисан байж болзошгүй юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, бүх төрлийн зай, товч, үзгийн таг зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байлгахыг анхааруулж байна.