Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр 6-р сарын 9-нд болно. Харин сонгуулийн санал хураах хэсгийн хороонд өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 6-р сарын 8-ны өдөр 09:00-20:00 цагийн хооронд авна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх иргэд 6-р сарын 2-ноос өмнө харьяа хэсгийн хороондоо бүртгүүлэх шаардлагатай. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогчид санал өгөх хүсэлтээ урьдчилж хүргүүлсний дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх боломжтой. Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт 6-р сарын 2-оос өмнө хэсгийн хороондоо хүргүүлсэн байх шаардлагатай. Харин эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа, цэргийн алба хааж байгаа, цагдан хоригдож байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд хүсэлтээ гаргах шаардлагатай. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 28,544 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 26,086 хүн саналаа өгсөн байна.