Ардчиллыг дэмжигч, удирдагч Аун Сан Су Чиг шүүх хурал хойшлогджээ

Өнгөрөгч хоёрдугаар сард Мьянмар улсын засгийн эрхийг цэргийн хүчин булаан авч төрийн эргэлт хийсэн явдлыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.  Тэгвэл ардчиллыг дэмжигч, сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи баривчлагдсанаасаа хойш анх удаа өмгөөлөгчдийн багтайгаа уулзсан ч шүүх хурал хойшлогдсон гэж эх сурвалжууд мэдэгджээ. Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чигийн өмгөөлөгч Мин Мин Со өөр дөрвөн өмгөөлөгчийн хамт Мьянмарын нийслэл Нейпидо хотын шүүхийн байрт түүнтэй уулзсан боловч шүүх хурал хойшлогдсон гэж өмгөөлөгч мэдээлсэн байна. Өдгөө 75 настай удирдагч Аун Сан Су Чи нь өнгөрөгч гурав, дөрөвдүгээр сард Нейпидо хотод болсон шүүх хуралд цахимаар оролцсон юм. Түүнийг холбооны хэрэгслүүд хууль бусаар импортолсон, “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудыг зөрчсөн, нийгмийн эмх замбараагүй байдалд турхирсан мэдээлэл тараасан зэрэгт буруутгажээ. Мөн Янгон хотын шүүх түүнийг төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаад байгаа ч  удирдагч Аун Сан Су Чигийн өмгөөлөгчдийн зүгээс уг мэдээллийг ор үндэслэлгүй гэдгийг удаа дараалан мэдэгдсээр байна. Хэдийгээр олон улсын зүгээс Мьянмарын цэргийн хүчнийг хүчирхийллээ зогсоож, улс орныг ардчилсан голдиролд нь эргүүлэн оруулахыг нэг бус удаа уриалж, 200 орчим төрийн бус байгууллага нэгдэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлд хандаж Мьянмар руу зэвсэг нийлүүлэхэд хориг тавихыг уриалсан ч энэ санаачилгыг ОХУ, БНХАУ дэмжээгүй байна. Цэргийн эргэлт, эсэргүүцэл болон “Ковид-19”-ийн цар тахлын улмаас Мьянмарын эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, ирэх 2022 оноос эхлэн тус улсын хүн амын тал хувь нь нэн ядуу болж, улсынх нь хөгжил 16 жилээр ухарна гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шинжээчид тооцоолсон байгаа юм.