Австрали улс өнөөдрөөс эхлэн Афганистаны нийслэл Кабул хот дахь элчин сайдын яамаа бүрмөсөн хаах болсноо мэдэгдсэн байна. АНУ тэргүүтэй холбоотнуудын цэрэг Афганистанаас гарч, нөхцөл байдал улам бүр тодорхойгүй болж байгаагаас шалтгаалан элчин сайдын яамаа хаах шаардлагатай болсон гэж Канберрагийн эрх баригчид тайлбарлажээ. Австралийн эрх баригчдын мэдээлснээр тус улсын дипломатчид өмнөд Азийн өөр нэг улсад байрлаж, Афганистанд тогтмол хугацаанд зочилж байхаар болжээ. Австрали улсын хувьд сүүлийн хоёр жилийн турш Афганистан дахь цэргийн тоогоо шат дараатай бууруулж байгаа бөгөөд хамгийн анх 1500 гаруй цэрэгтэй байсан бол одоо 80 цэрэг тус бүс нутагт үлдсэн байна. Харин АНУ-ын засаг захиргаа өнгөрөгч дөрөвдүгээр сард 20 жил үргэлжилсэн дайнаа дуусгавар болгож, энэ оны есдүгээр сарын 11-ээс өмнө Афганистан дахь бүх цэргээ гаргаж дуусах болсныг зарласан юм.