Иран улсад сүүлийн жилүүдэд ган гачигтай холбоотой усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа тасалддаг болоод байгаа юм. Тиймээс эрх баригчдын зүгээс эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэмжээ авах болсон бөгөөд хамгийн түрүүнд криптовалют олборлох үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Тераны засгийн газар өмнө нь биткоин олборлогчдыг албан ёсоор бүртгэлжүүлэн, эрчим хүчний төлбөрийг нь тусгай тарифаар бодож, олборлосон цахим коиноо зөвхөн төв банканд зардаг байх журам хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр засгийн газарт бүртгэлтэй хууль ёсны олборлогчдын цахилгааны хэрэглээ өдөрт 300 мегаватт хүрдэг болсон ч биткоин олборлох үйл ажиллагааны 85 орчим хувийг бүрдүүлдэг хууль бус олборлогчид өдөрт 2,000 мегаватт эрчим хүч хэрэглэдэг болжээ. Хууль бус олборлогчдын ихэнх нь эрчим хүч үнэ төлбөргүй хэрэглэх эрхтэй исламын сүм хийдүүдийн цахилгааны шугамыг хулгайгаар ашигладаг тул энэ удаагийн хориг нь хууль бус олборлогчид руу голлон чиглэж байна гэж Ройтерс агентлаг онцолсон байна. Түүнчлэн Ираны засгийн газар хууль бусаар криптовалют олборлох ажиллагаа явуулж байгаа гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн ард иргэдэд шагнал, урамшуулал олгохоор болжээ. Иранд криптовалют олборлох нь улс оронд нь авсан хориг арга хэмжээг тойрч гарах, цахим мөнгөөр хэдэн зуун сая ам.доллар олох боломжийг олгодог байна.