АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Женев хотноо уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 16-нд Женев хотод уулзах юм. Женев хотод болох энэхүү уулзалт нь ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамптай Финландын Хельсинкид 2018 онд уулзсанаас хойших хоёр улсын төрийн тэргүүн нарын анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Уулзалтын үеэр хоёр улсын удирдагч нар Орос, Америкийн харилцааны цаашдын хөгжлийн байдал, хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлыг хөндөхөөс гадна “Ковид-19” цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг зохицуулах зэрэг олон улсад тулгамдсан асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа гэж Кремлийн ордны мэдэгдэлд дурджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзах үеэрээ хүний эрхийн асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа Делавэр мужид үг хэлэх үеэрээ илэрхийлжээ.