БНХАУ-ын эрх баригчид гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэр гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны хурлаар дээрх шийдвэрийг гаргасан ч уг шийдвэр хэзээнээс эхлэн хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байна. Хүн амын өсөлтөд хяналт тавихын тулд БНХАУ-ын эрх баригчид “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг 1970-аад оны сүүлээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Том хотын оршин суугчдад нэг хүүхэдтэй, харин жижиг суурин газар болон тосгоны хүмүүст хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг байжээ. Тус бодлогыг зөрчсөн тохиолдолд эцэг эхчүүдэд өндөр мөнгө торгууль ногдуулах ал эсвэл төрийн албанаас халах, Хятадын коммунист намын эгнээнээс хасах зэрэг арга хэмжээ авдаг байсан байна. 2013 онд эх газрын Хятадын хууль тогтоогчид эхнэр, нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөг болжээ. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлсэн байна. Статистикийн мэдээллээр, 2020 оны эцэст БНХАУ-ын хүн ам 1.4 тэрбумд хүрсэн бөгөөд нийт хүн амын 723.3 сая нь эрэгтэйчүүд бол 688.4 сая нь эмэгтэйчүүд байна. Тэдний 63.3 хувийг 15-59 насныхан эзэлж байгаа бол 18.7 орчим хувь нь 60-аас дээш насныхан харин 18 хувийг 14 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг байна.