ДЭМБ БНХАУ-ын дотооддоо гарган авсан “ковид-19”-ийн халдварын эсрэг хоёр дахь вакцинд яаралтай горимын үед хэрэглэх зөвшөөрөл олгожээ. ДЭМБ-ын мэдэгдэлд тус вакциныг 18-аас дээш насныханд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарихыг зөвлөсөн байна. ДЭМБ-ын судалгаагаар БНХАУ-ын “Синовак” үйлдвэрийн вакцин нь тариулсан хүмүүсийнхээ талаас дээш хувийг “ковид-19”-ийн халдвараас хамгаалж, харин нэгэнт халдвар авсан бол өвчний хүндрэлээс 100 хувь сэргийлж чадсан байна. Уламжлалт арга технологиор бүтээсэн, хадгалалтын шаардлага өндөр биш энэхүү Синовакын вакцинд зөвшөөрөл олгосноор дэлхийн дундаас доош орлоготой орнуудад вакцин түгээх зорилготой “ковакс” хөтөлбөрт том түлхэц болохыг ДЭМБ онцолсон юм. Синовак компанийн вакциныг эх газрын Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, турк зэрэг улс орнуудад хэрэглэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээрт 600 сая тун вакциныг нийлүүлснээс 430 сая тунг нь дархлаажуулалтад ашиглаад байгаа тухай албаныхан мэдээлжээ.