Хүүхдийн өвчлөлийн 60 орчим хувьд нь шалтгаан тодорхойгүй байдаг

Хорт хавдар, цусны эмгэг болон ховор тохиолдох өвчнөөр зөвхөн насанд хүрэгчид өвчилдөг гэсэн ойлголт одоогоос 20 жилийн өмнө олон нийтийн дунд байсан. Харамсалтай нь жил ирэх тусам өвчлөлийн насны бүтэц өөрчлөгдөж, насанд хүрсэн хүмүүс оношлогддог өвчнөөр хүүхдүүд ч өвчлөх тохиолдол ихэссээр  байна. 2000-аад оны үед хүүхдүүдийн дунд суулгалт, хоол боловсруулах эрхтэн, уушгины үрэвсэл зонхилон тохиолддог байжээ. Тухайн үед 5 хүртэлх насны хүүхдүүдийн 90 орчим хувьд нь амьсгалын замын өвчлөл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байжээ. Харин 2020 оны байдлаар өвчлөлийн бүтэц нас, насны байдлаар өөрчлөгдөж, 1-ээс доош нас, 5 хүртэлх нас, 10 хүртэлх насанд өөр өөрөөр оношлогдож байна. Хүүхдүүд цусны эмгэг, хорт хавдар, ховор тохиолдох болон насанд хүрсэн хүмүүст оношлогддог өвчин хүүхдүүдийн дунд ч тохиолдож байгаа нь өвчлөл залуужсаны илрэл юм. Мөн хүүхдийн өвчлөлийн 60 хувийнх нь шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байсаар байна. Тиймээс манай улсын бага насны хүүхдүүдэд эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр нэн шаардлагатай байна. Хэдийгээр хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан ийнхүү тодорхойгүй байгаа ч нэг тодорхой зүйл нь хүүхдийн өвчлөлийн үндсэн бүтэц өөрчлөгдөж, насанд хүрсэн хүмүүст тохиолдож байгаа өвчин хүүхдэд тохиолддог болсон гэдэг нь аюулын харанга дэгдэж байна. Гэхдээ зарим талаараа хүүхдийн өвчлөлийн зарим шалтгааныг хүмүүсийн амьдралын чанарын өөрчлөлт, агаар, хөрс, орчны бохирдолтой тодорхой хэмжээнд холбон тайлбарлаж болох юм. Насанд хүрэгчдийн дунд эрт илрүүлэг хийхэд хялбар байдаг бол хүүхдүүдийн дунд эрт илрүүлэг хийх үндэсний тогтолцоо байдаггүй. Тиймээс хүүхдүүдийг бүрэн шинжилгээнд хамруулах эрүүл мэндийг дэмжих төв байгуулахаас гадна хүүхдийн зүрх, хавдрын өвчлөлийг илрүүлэх тоног төхөөрөмж, эрт илрүүлэг хийдэг болох тогтолцоо шаардлагатай байна. одоогоор ЭХЭМҮТ нь нярайн эрт илрүүлгийн хөтөлбөрийн хүрээнд дутуу нярай, бодисын солилцоо, сонсгол сулрал, дүлийрлийг илрүүлэх, түнхний дутуу хөгжлийг илрүүлэх зэрэг 4 төрлийн эрт илрүүлгийг хэрэгжүүлж байна.