БНХАУ-ын өмнөд хязгаарын Юннань мужийн нийслэл Кунминь хотод заан сүргийн нүүдэл үргэлжилсээр байгаа талаар эрх баригчид мэдээлжээ. Тус мужаас 500 км зайд байрлах заан хамгааллын төвөөс Азийн 15 зэрлэг заан гарч, умард зүгийг зорин нүүдэллэж эхэлжээ. Өнгөрөгч 2-ны өдөр заан сүрэг БНХАУ-ын Юннань мужийн нийслэл Кунминь хотод орж иржээ. Заанууд чухам яагаад заан хамгааллын төвөөс умард зүгийг зорин зогсолтгүй нүүж байгааг эрдэмтэн судлаачид тайлбарлаж чадахгүй байгаа юм. Заан хамгааллын төвийн захирал Гоу Шианминг тус төвд заан дүрвэх ямар нэгэн үйлдэл болоогүй бөгөөд Шишуаньбанна Дай автономит тойргийн дархан цаазат газарт үлдсэн 300 гаруй заан аюулгүй байгаа гэж мэдээлжээ. Заанууд замдаа тариан талбай, хувийн өмч хөрөнгө сүйтгэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд учруулсан хохирлын хэмжээ нь 1.1 сая орчим ам. Доллар болсон байна. БНХАУ-ын хуулиар Азийн заан гэх энэ амьтныг хамгаалж, дархалсан тул хүчээр зогсоохыг оролдохгүй байгаа бөгөөд заануудад болон зам зуур тааралдсан хүмүүст аюул учрахаас сэргийлж, суурьшлын бүсээс холуур явуулах, замыг нь чиглүүлэн залах арга хэмжээ авч байгаа гэж гал сөнөөгчид, аврах албаны ажилтнууд мэдээлжээ. Заан сүргийн замд амьдардаг байсан 464 хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл зэрлэг заан хүмүүсийн хооронд ноцтой осол, эндэгдэл гараагүй байна. Нийтдээ 630 хүн, 140 гаруй автомашин заан сүргийг аюулгүй нүүдэллэхэд туслах, том хот суурингуудаас холуур өнгөрүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Түүнчлэн Юннань мужийн захиргаа нэмэлтээр 14 дрон бүхий тусгай баг байгуулж, заануудын нүүдлийн чиглэлийг урьдчилж тодорхойлох ажлыг эхлүүлсэн байна.