Дэлхийн технологийн корпорациудад 15 хувийн татвар ногдуулна

Өнгөрөгч бямба гарагт Их Долоогийн бүлгийн сангийн сайд нар технологийн томоохон корпорациудад ногдуулах татварын доод хэмжээг 15 хувиас багагүй байлгах зарчмын талаар тохиролцоонд хүрснээ мэдэгджээ. Энэхүү үйл явдлыг Европын комиссын тэргүүн Урсула Фон Дер Ляйен “Дэлхийн эдийн засгийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэх болон шударга дүрэм бий болгоход чиглэсэн томоохон алхам” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Их Британийн нийслэл Лондон хотод хоёр өдөр үргэлжилсэн Их Долоогийн бүлгийн сангийн сайд нарын хурлыг Их Британийн сангийн сайд Риши Сунак даргалжээ. Тэрбээр “Олон жилийн турш хэлэлцсэний эцэст их долоогийн сангийн сайд нар технологийн эрин үед нийцсэн дэлхий дахины татварын систем бий болгох түүхэн тохиролцоонд хүрлээ” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр facebook, google, amazon, apple зэрэг технологийн томоохон корпорацууд интернетээр үйлчилгээ үзүүлж байгаа улс орон бүртээ доод тал нь 15 хувийн татвар төлөх нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгвэл ирэх 7 дугаар сард Венец хотод болох хорийн бүлгийн уулзалтын үеэр дээрх татварын шинэчлэлийн тухай саналаа хэлэлцүүлж, дэмжүүлэхээр болсон байна. 20-ын бүлэгт их долоогоос гадна эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа дэлхийн бусад 13 улс багтдаг юм.