Өнгөрөгч хоёрдугаар сард Мьянмар улсын засгийн эрхийг цэргийн хүчин булаан авч төрийн эргэлт хийсэн явдлыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тэгвэл ардчиллыг дэмжигч, сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи баривчлагдсан байгаа бөгөөд одоогоор хаана байгаа байршил нь тодорхойгүй байгааг түүний өмгөөлөгч нар мэдэгджээ. Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чигийн өмгөөлөгч Мин Мин Со өөр дөрвөн өмгөөлөгчийн хамт Мьянмарын нийслэл Нейпидо хотын шүүхийн байранд түүнтэй өнгөрөгч 5-р сард уулзсан боловч түүнээс хойш хаана байгаа нь тодорхойгүй байна гэж өмгөөлөгчдийн баг нь мэдэгджээ. Өмгөөлөгч нарын мэдээлснээр, түүнийг хорионд байлгаж байсан гэрээс нь чухам хаашаа нүүлгэсэн нь тодорхойгүй байгаа юм.
Өдгөө 75 настай удирдагч Аун Сан Су Чиг холбооны хэрэгслүүд хууль бусаар импортолсон, “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудыг зөрчсөн, нийгмийн эмх замбараагүй байдалд турхирсан мэдээлэл тараасан зэрэгт буруутгажээ. Мөн Янгон хотын шүүх түүнийг төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаад байгаа ч удирдагч Аун Сан Су Чигийн өмгөөлөгчдийн зүгээс уг мэдээллийг ор үндэслэлгүй гэдгийг удаа дараа мэдэгдсээр байна. Хэдийгээр олон улсын зүгээс Мьянмарын цэргийн хүчнийг хүчирхийллээ зогсоож, улс орныг ардчилсан голдрилд нь эргүүлэн оруулахыг нэг бус удаа уриалж, 200 орчим төрийн бус байгууллага нэгдэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлд хандаж Мьянмар руу зэвсэг нийлүүлэхэд хориг тавихыг уриалсан ч энэ санаачилгыг ОХУ, БНХАУ дэмжээгүй байна.