Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон түүний "Ликуд" намын эсрэг эвсэлийг байгуулахаар сөрөг хүчний намын удирдагч нар санал нийлээд байгаа. Тэгвэл тус улсын хууль тогтоох байгууллага болох Кнессет шинэ засгийн газрыг батлах санал хураалтыг энэ сарын 14-нд явуулна гэдгээ мэдэгджээ. Израилийн түүхэнд засгийн газрыг хамгийн урт хугацаанд тэргүүлж байсан Нетаньяху огцрох магадлалтай болж байгаа талаар Ройтерс агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний удирдагч Яир Лапид найман нам эвслээс бүрдсэн шинэ засгийн газар байгуулах дэмжлэгийг авч чадсан юм. Тэгвэл эвслийн засгийн газрыг байгуулах парламентын хуралдааныг санал хүлээн авснаас долоо хоногийн дотор буюу зургаадугаар сарын 14-нд товлож байна гэж парламентын дарга Ярив Левин мэдэгдсэн байна. Энэ нь Израилын 36 дахь засгийн газрыг байгуулах тухай хуралдаан болох юм. Хэрвээ ирэх даваа гарагт болох санал хураалтаар засгийн газар байгуулагдах нь батлагдвал хоёр зүүнийг баримтлагч, хоёр төвийг баримтлагч, гурван барууныг баримтлагч нам болон Арабын Исламын Консерватив намаас бүрдсэн засгийн газар байгуулагдах юм байна. Ингэснээр Арабын нам Израилын засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан анхны тохиолдол болж магадгүй байна.