АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Австралийн тусгай албаны хамтарсан ажиллагааны үр дүнд дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулж байсан гэмт хэргийн бүлэглэлүүдийг илрүүлж, хэдэн зуун гэмт хэрэгтнийг баривчилсныг хууль тогтоогчид мэдэгджээ. 18 сар үргэлжилсэн нууц ажиллагааны үеэр хууль тогтоогчид ихээхэн хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, хар тамхийг гэмт этгээдүүдээс хураан авсан байна. Гурван жилийн өмнө буюу 2018 онд АНУ-ын холбооны мөрдөх товчоо өөрийн бүтээсэн өндөр нууцлалтай мессенжэрийн аппликэйшнийг “Аном” нэрийн дор гэмт хэрэгтнүүдийн сүлжээнд тарааж чадсан нь гэмт хэргийн бүлэглэлүүдийг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Ажилгааны эхэн үед Австралийн хар тамхины наймаачин Хакан Аийкийн бүлэглэлд өндөр нууцлалтай мессенжэрийн аппликэйшнийг хэрэглүүлж, системд нь оруулсны дараа тэрбээр уг системийг бусад хамтрагчдадаа хэрэглэхийг зөвлөсөн юм. Ингэснээр тус аппликэйшн гэмт хэргийн ертөнцөд амжилттай тархаж чадсан байна. Уг аппликэйшн нь дуудлага хийдэггүй, мессэж, мэйл солилцдоггүй тусгай зориулалтын хаалттай гар утсанд сууж, зөвхөн ижил төхөөрөмжүүдтэйгээ л харилцдаг юм байна. Ингэснээр АНУ-ын холбооны мөрдөх товчоо гэмт этгээдүүдийн бүх харилцаа холбоог хянаж, хар тамхины наймааг хаана зохион байгуулах мөн хэнийг устгах талаар ярилцдаг байсныг нь олж тогтоосон гэж Австралийн холбооны цагдаагийн газрын дарга Рис Кершоу мэдээлжээ.