АНУ-ын тэнгисийн флот анх удаа автомат жолоодлоготой дрон ашиглан байлдааны сөнөөгч онгоцыг агаарт шатахуунаар цэнэглэж чадсанаа зарлажээ. Тус нислэгийг өнгөрөгч баасан гарагт иллиноис мужийн Маскута дахь агаарын баазын ойролцоо үйлдсэн байна. “Боинг Эмкү 25” загварын шатахуун тээвэрлэгч дроноор АНУ-ын тэнгисийн флотын супер хорнет сөнөөгч онгоцыг зохих өндөрт жигд хурдтайгаар нисэж явах үед нь 6 метрийн зайтай байрласны дараа шатахуун шахах хоолойгоо сунгаж, амжилттай цэнэглэжээ. 6,800 литр шатахуун тээвэрлэх багтаамжтай дроныг ашигласнаар АНУ-ын тэнгисийн флот хүний зардлыг багасгаж, дайсны довтолгоо хүрэхээргүй алс зайд үүрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Шатахуун тээвэрлэгч дронтой болох захиалгыг Пентагон 2018 оны наймдугаар сард АНУ-ын “Боинг” компанид өгч, уг төслийг 805 сая ам. Доллароор санхүүжүүлжээ. Шатахуунаар цэнэглэгч дроныг бусад төрлийн байлдааны нисэх онгоцнуудтай туршиж дууссаны дараа 2024 оноос эхлэн тэнгисийн флотод ашиглаж эхлэхээр төлөвлөөд байна.