Японы парламентын доод танхим тус улсын төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай хууль баталжээ. 300 болон түүнээс дээш ажилтантай бизнес эрхлэгчид болоод төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд тодорхой тооны эмэгтэйчүүдийг ажиллуулах, удирдах албан тушаалд томилох шаардлагатай болсон байна. Японы засгийн газар эхний ээлжинд тодорхой үүрэг хүлээсэн албан газрыг нэр дурдах гэж байсан ч эцэст нь парламентад өргөн барьсан хуулийн төсөлд энэ хэсгийг оруулаагүй байна. Тус хууль 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэхүү хуулийг зөрчсөн аль эсвэл хэрэгжүүлж чадаагүй компаниудад хариуцлага тооцох арга хэмжээ авахгүй юм байна. Тус хууль нь бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх үүргийг намуудад хүлээлгэж, эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд оролцох боломжоор хангаж, ялгаварлан гадуурхах явдлыг сөрөн зогсохыг үүрэг болгожээ. Тийнхүү эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхийн тулд засгийн газар, орон нутгийн эрх баригчид зөвлөлдөх уулзалт хийх шаардлагатай гэжээ. Уг мэдээллийг нийтэлсэн “Kyodo” агентлаг Японд улс төрийн намууд орон нутгийн болон парламентын сонгуульд нэр дэвшигчдийг сонгохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангахыг тусгасан хэм хэмжээ 2018 оноос хойш хэрэгжиж байгааг цохон тэмдэглэсэн байна.