Шинжилгээ өгсөн 200 хүний 50-60 нь халдвартай байгаа учраас шаардлагагүй бол шинжилгээний цэгт ирэхгүй байхыг анхаарууллаа

6-р сарын 15-наас ПСР шинжилгээг 90 мянган төгрөгөөр хувийн эмнэлгүүд авч эхлээд байгаа. Мөн хамарнаас арчдас авдаг түргэвчилсэн шинжилгээг 99 хувийн баталгаатай хэмээн нийслэлийн хэмжээнд зургаан цэгээр авч байгаа юм байна.  Тэгвэл СБД дэх нэгэн шинжилгээний цэгийн ахлагч өдөрт шинжилгээ өгч байгаа 200 гаруй хүний 50-60 нь эерэг гарч, халдвар батлагдаж байгаа учраас шаардлагагүй бол шинжилгээний цэгт ирж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэг дээрх түргэвчилсэн шинжилгээний цэг дээр 11 цагийн үед өглөө 8 цагаас ирсэн иргэд дугаарлаж байлаа. Шинжилгээний цэгүүд 9-12 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 200 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Ингэхдээ иргэдийн нэр утасны дугаарыг бүртгэн, бүртгэлийн дагуу шинжилгээ хийж байгаа юм байна. Харин иргэд халдварын тоо ихсэх тусам шинжилгээний цэгээ цөөлж, байгаа нь хүрэлцээгүй байдал үүсгэж хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.

Харин шинжилгээний цэгийн ахлагч 12 цаг өнгөрсөн ч нэгэнт ирчихсэн жирэмсэн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авч байгааг хэллээ. Өдөрт ирэх сорьцын тоог хязгаарлаагүй, нөөцтэй ажиллаж байгаа гэсэн юм. Өдөрт хийгдэж байгаа шинжилгээний дөрөвний нэг нь эерэг гарч байгаа учраас шинжилгээний цэгүүд эрсдэлт бүс болсон гэдгийг шинжилгээний цэгийн ажилтнууд хэллээ. Тиймээс шаардлагагагүй бол шинжилгээний цэг дээр ирж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсан юм.